Үндэсний цахим мэдээллийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал, хүчин чадлыг нэмэгдүүлэн ажиллаж байна.
(2026 оны 02 дугаар сарын 09-11) Дэлхийн Банкнаас Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг 2” төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх ажлын айлчлал амжилттай болж өндөрлөлөө. Энэ хүрээнд айлчиллын бүрэлдэхүүн төслийн гол үр шим хүртэгч байгууллагууд болох Улсын Бүртгэлийн Ерөнхий газар (УБЕГ), Үндэсний Дата төв (ҮДТ), Мэдээлэл Технологийн Үндэсний Парк (МТҮП)-д уулзалт зохион байгуулж, төслийн хэрэгжилт, үр дүн, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
- Төслийн үр шим хүртэгч байгууллага ҮДТ нь Монгол Улсын үндэсний цахим мэдээллийн хадгалалт, хамгаалалт, боловсруулалтын үйлчилгээ эрхлэх үндсэн үүрэг бүхий байгууллага бөгөөд төслийн хүрээнд тус байгууллагад хэрэгжүүлж буй ажлууд нь цахим үйлчилгээг дэмжих замаар төрийн байгууллагуудын зардлыг багасгах, иргэд, аж ахуйн нэгжид хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж буй үр дүнтэй юм.
- Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт хэрэгжиж буй дэд төслүүд нь төрийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг оновчтой ашиглах замаар төрийн үйлчилгээг үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгох, цахим мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлал, аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой болно.
- Түүнчлэн, төлөөлөгчид Мэдээлэл Технологийн Үндэсний Парк (МТҮП)-д зочилж төслийн хүрээнд эмэгтэйчүүд, залууст зориулсан “Online Gig Jobs” буюу Дижитал ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцов.

