Мэдэгдэл
Сүүлийн өдрүүдэд “Ухаалаг засаг II төсөл”-ийн талаар цахим орчинд ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээлэл цацагдаж буйтай холбогдуулан дараах тайлбар мэдэгдлийг хүргэж байна.
“Дижитал технологид суурилсан ажлын байр бий болгох” дэд төслийн үндэслэл:
Дэлхийн банкнаас “Ухаалаг засаг II төсөл”-ийн Project Appraisal Document буюу төслийн зорилго, санхүүжилт, бүрэлдэхүүн хэсэг, хэрэгжилтийн бүтэц, эрсдэл болон үр дүнгийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон үндсэн үнэлгээний баримт бичгийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр олон нийтэд нээлттэйгээр нийтэлсэн. Тус баримт бичигт тусгагдсан төслийн зорилго, бүтэц, хэрэгжилтийн хүрээнд Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “Ухаалаг засаг II төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг байгуулж талууд гарын үсэг зурсан бөгөөд төслийг хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Төслийн үнэлгээний үндсэн баримт бичиг болон Санхүүжилтийн хэлэлцээрт тусгагдсан “Дижитал эдийн засгийн хөгжлийг дэмжих” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд “Дижитал технологид суурилсан ажлын байр бий болгох” дэд төсөл нь стратегийн ач холбогдол бүхий дараах чиглэлээр тодорхойлогдсон. Үүнд: Залуучуудад мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлийн суурь болон мэргэжлийн ур чадвар олгох, программ хөгжүүлэлт, UX/UI, дата, үүлэн технологи, кибер аюулгүй байдал, дижитал үйлчилгээ зэрэг чиглэлээр хүний нөөц бэлтгэх, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй дотоодын аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мөн залуучуудыг дижитал ажлын байртай холбох тогтолцоог бүрдүүлэх зэрэг болно. Түүнчлэн уг дэд төсөл нь салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, мөн дижитал эдийн засгийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд нийцсэн ур чадвартай хүний нөөцийн суурийг бүрдүүлэхэд чиглэгдэх юм.
“Дижитал технологид суурилсан ажлын байр бий болгох” дэд төслийн хамрах хүрээ:
Дэд төслийн ажлын даалгаврыг 2026 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Дэлхийн банкны зөвлөмжийн дагуу сайжруулж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хянан эцэслэсэн. Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгогдсон гүйцэтгэгч байгууллага нь Монгол Улсад 1,000 залуучуудыг дижитал технологид суурилсан онлайн ажлын байраар хангах туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллана. Гүйцэтгэгч байгууллага дараах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
Улаанбаатар хотод хамгийн багадаа 1,500 залуучуудыг (үүний талаас доошгүй хувь нь эмэгтэй оролцогч байх) эрэлтэд суурилсан сургалт, менторшип болон цахим платформд холбох хөтөлбөр хэрэгжүүлэх;
Сургалтад хамрагдсан оролцогчдоос хамгийн багадаа 1,000 хүнийг тогтвортой, дижитал технологид суурилсан онлайн ажлын байраар хангах;
Хөтөлбөрийн үр дүн, сургамж, мэдлэгийг баримтжуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Үндэсний мэдээллийн технологийн паркт хүргүүлж, цаашид үйл ажиллагааг өргөжүүлэх боломжийг судална.
Энэхүү дэд төсөл нь хувийн хэвшлийн платформуудтай өрсөлдөх шинэ платформ хөгжүүлэх зорилгогүй бөгөөд ажлын даалгаварт зөвхөн төслийн оролцогч талуудын хүрээнд олон улсын болон дотоодын цахим ажлын байрны платформуудыг тодорхойлон тусгасан болно. Мөн олон улсад ашиглагдаж буй платформуудад залуучууд өргөнөөр хамрагдах, орлого олох боломжоо нэмэгдүүлэх, шаардлагатай ур чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
УХААЛАГ ЗАСАГ II ТХН