Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар (3.1.2)

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ДААЛГАВАР

 

Зөвлөх үйлчилгээний нэр: Нээлттэй өгөгдлийн бодлого, хууль, эрхзүйн     тогтолцоог  бий болгох
Төслийн нэр: “Ухаалаг засаг” төсөл
Төслийн дугаар: 5483- MN
Бүрдэл хэсгийн дугаар: 3.1.2
Файлаар татаж авах ТАТАХ

 

Үндэслэл

Монгол Улсын Засгийн газар мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан төрийн үйлчилгээний ил тод байдал болон үр өгөөжийг дээшлүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Ухаалаг засаг” төслийн хүрээнд  нээлттэй өгөгдлийн хөтөлбөрийг санаачилсан болно.

 

Тус хөтөлбөрийн  зорилтуудыг хангахад дэмжлэг үзүүлэх хүчин зүйлүүдийг тодорхойлох зорилгоор Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээ (НӨББҮ)-г хийсэн ба    нээлттэй өгөгдлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн амжилт, үр дүнгийн  тогтвортой байдал нь бодлого, хууль эрх зүйн орчноос шууд хамаарна гэсэн дүгнэжээ.

 

Нээлттэй өгөгдлийг нэвтрүүлэн хөгжүүлэхэд бодлого, хууль эрх зүйн асуудлуудыг  шийдвэрлэх хэрэгтэй.  Тухайлбал, өгөгдлийг дахин ашиглах ба лицензжүүлэх, хувийн нууц болон өгөгдөл хамгаалах, хувийн болон хувийн мэдээллийг нь тодорхойлж болохуйц өгөгдлийг нэргүй болгох гэх мэт. Эхний шатанд одоо  баримталж  буй бодлого, хууль тогтоомж, дүрэм журмыг үнэлж   шаардлагатай өөрчлөлтүүдийг   хийхэд тулгарах болон цаашид гарч болзошгүй  саад, хүндрэлийг  илрүүлж  тодорхойлох нь чухал гэж НӨББҮ-д  тэмдэглэсэн.

 

Иймд нээлттэй өгөгдлийн чиглэлээр мэргэшсэн, чадавх бүхий  хуулийн зөвлөхийн тусламжтайгаар нээлттэй өгөгдлийн бодлого, хууль эрх зүй, байгууллагын тогтолцооны  үнэлүүлэх шаардлагатай байгаа юм. Энэхүү үнэлгээ нь Монгол Улсын Засгийн газар, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэж, нээлттэй өгөгдлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий  бүтэц, зохион байгуулалтыг  бэхжүүлэхэд  чиглэгдэх ёстой.

 

Зорилго

Хуулийн зөвлөх (зөвлөх фирм эсвэл ААН) нь нээлттэй өгөгдлийн санаачилгыг үр ашигтай хэрэгжүүлэхэд дэмжлэг болох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас  хэрэгжүүлэх хууль, зүйн тогтолцооны чиглэлүүдийг олон улсын сайн туршлагад үндэслэн зөвлөмж болгоно.

 

Ажлын хамрах хүрээ

Зөвлөх нь  хууль, эрх зүйн тогтолцоог  судалж,  Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг хянан шинэчилж төрийн нээлттэй өгөгдлийн бодлого чиглэлээр  зөвлөмж гаргаж холбогдох хууль эрх зүйн баримт бичгүүдийн төслүүдийг боловсруулна.

 

1. Хууль эрх зүйн орчны үнэлгээг гүйцэтгэх

a. Дараах баримт бичигтэй танилцах:

  • Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээний тайлан
  • Нээлттэй өгөгдлийн олон улсын тэргүүн туршлагууд ( Их Британи,  АНУ, Шинэ Зеланд, Канад, Австрали гэх мэт) үүнд  өгөгдөл цуглуулах, удирдах, нийтлэх, өгөгдлийн стандартууд, мета өгөгдөл, өгөгдлийн нууцын асуудал, хамгаалалт гэх мэт
  • Дэлхийн банкны Нээлттэй өгөгдлийн бодлогын баримт бичгүүд

b. Судалгаанд цаашид шаардагдах хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн жагсаалтыг Захиалагчтай зөвлөлдөж гаргах, судлах

c. Өнөөгийн мөрдөгдөж буй хууль, эрх зүйн орчин түүний дотор дараах хууль тогтоомж, баримт бичгүүдийг судлах. Үүнд:

  • Харилцаа холбооны тухай хууль болон түүний нэмэлт өөрчлөлтүүд
  • Цахим гарын үсгийн тухай хууль
  • Төрийн болон албаны нууцын тухай хууль
  • Цахим засаглал, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүд
  • ААН, компанийн нууцын тухай хууль
  • Хувь хүний нууцын тухай хууль, Өгөгдөл хамгаалах тухай хуулийн төсөл
  • Ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль
  • Статистикийн хууль
  • Төрийн бус байгууллагын тухай хууль
  • Үндэсний аюулгүй байдлын тухай хууль
  • Шилэн дансны тухай хууль
  • Шинжлэх ухаан, технологийн хууль
  • Нээлттэй өгөгдөлд хамаарах Их хурлын тогтоолууд
  • Өгөгдөл солилцох тухай Засгийн газрын тогтоол

 

2. Нээлттэй өгөгдлийн бодлогыг боловсруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох судалгаанд зориулж дараах уулзалт, арга хэмжээг зохион байгуулах

  • Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг гүйцэтгэсэн зөвлөхүүдтэй уулзаж, нээлттэй өгөгдлийн бодлого, зохицуулалтын орчны үнэлгээний талаар ярилцах
  • Холбогдох дээд түвшний төрийн байгууллагууд (Ерөнхий прокурорын газар, яамдын хууль, эрх зүйн газар гэх мэт) –ын төлөөллүүдтэй уулзах
  • Нээлттэй мэдлэгийн сан болон нээлттэй өгөгдөл сонирхогч талууд (бүлгэм, судлаачид, олон нийтийн байгууллага гэх мэт)-ын хууль, эрх зүйн экспертүүдийг тодорхойлж, уулзалт ярилцлага хийх
  • Судалгааны үр дүнд бичих тайлан, боловсруулах баримт бичгийн төсөл дээр үндэсний хэмжээний холбогдох талууд болон нээлттэй өгөгдөл сонирхогч талуудын хуулийн мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг хийх

 

3. Судалгааны үр дүнг үндэслэн Монгол Улсад нээлттэй өгөгдөл санаачилгыг хэрэгжүүлэхэд баримтлах хууль эрх зүйн зохицуулалтын орчинг тодорхойлж бодлогын баримт бичгийн эхний хувилбарыг боловсруулах, түүнийг Монгол Улсын бусад хууль тогтоомжтой уялдуулах үүднээс хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ бүхий зөвлөмжийг хамтад нь боловсруулах

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нээлттэй өгөгдлийн бодлого хариуцсан албан тушаалтантай тайлан, зөвлөмж, бодлогын баримт бичгийн эхний хувилбар төслийн талаар танилцуулах, дүгнэлт хүргүүлэх
  • Нээлттэй өгөгдлийн бодлого, захирамж боловсруулахад эрх зүйн мэргэжлийн арга зүйн туслалцаа үзүүлэх, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулахад техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх
  • Нээлттэй өгөгдлөөр хангаж байгаа төрийн байгууллага, мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч хоёрын харилцааг зохицуулсан гэрээ
  • Мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч, эцсийн хэрэглэгч хооронд нөхцөл тохирч байгааг зөвшөөрсөн маягтын загварыг боловсруулах
  • Монгол Улсын Нээлттэй Өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээний тайлангийн хууль эрх зүйн бүлгийг хянан засварлах
  • Гарц бүтээгдэхүүний танилцуулах эцсийн хэлэлцүүлэг

 

Гарц бүтээгдэхүүн

  • Судалгааны үр дүн, хууль эрх зүйн чиглэлээр хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ бүхий зөвлөмж, дүгнэлтийг багтаасан тайлан үүнд Монгол Улсад нээлттэй өгөгдлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай  эрх зүйн орчны бүтэц зохион байгуулалтын зөвлөмжийг хавсаргах
  • Монгол Улсын нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээний тайлангийн хууль эрх зүйн бүлгийг дахин боловсруулж бичих;
  • Нээлттэй өгөгдлийн бодлогын баримт бичгийн төсөл үүнд  шаардлагатай хууль, журмуудын  төслүүдийг холбогдох судалгааны хамтаар хавсаргасан байх;
  • Нээлттэй өгөгдлөөр хангаж байгаа төрийн байгууллага, мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч 2-ын харилцааг зохицуулсан гэрээ
  • Мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч, эцсийн хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулсан маягт, формын загвар.
  • 2 удаагийн хэлэлцүүлэг хийх. Гол мэдээллүүд бүхий илтгэлийг тавих.
  • Монгол улсын хууль тогтоомжид өөрчлөлт нэмэлт оруулахад шаардагдах бусад баримт бичгүүд / гэрээ байгуулахад тодорхойлно/

 

Гүйцэтгэгчид тавигдах шаардлага

Зөвлөх нь хуулийн фирм (аж ахуйн нэгж) байна. Доор дурдсан шаардлагыг хангах ба багийн бүрэлдэхүүний хувьд дор хаяж ахлах зөвлөх, зөвлөхөөс бүрдэнэ.

  • Хуулийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж байх, энэхүү зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг гүйцэтгэх хангалттай нөөцтэй байх;
  • Цахим засаг, нууцын асуудал, оюуны өмчийн хууль зэрэг асуудлыг хамруулан мэдээлэл харилцаа холбооны технологийн хууль эрх зүйн чиглэлээр голлон туслалцаа, зөвлөгөө өгсөн 5 ба түүнээс дээш жилийн туршлагатай байх;
  • Монгол Улсын Мэдээлэл, харилцаа холбооны технологи, өгөгдлийн орчны хууль эрх зүйн чиглэлээр ойлголттой, гүн гүнзгий мэдлэгтэй байх;
  • Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны талаар ойлголттой байх;

Хугацаа, байршил

Зөвлөх үйлчилгээг 8 сарын дотор гүйцэтгэнэ., шаардлагатай тохиолдолд хугацаа нэмэгдэх боломжтой. Монгол Улсад ажлыг гүйцэтгэнэ.

Тайлагнах, зохион байгуулалт

Зөвлөх Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажлын гүйцэтгэлийг тайлагнана.

Тайланд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Зөвлөх ажлын тодорхой чиглэлүүдээр тайлан ирүүлэх
  • Төслийн эцсийн тайлан ирүүлэх.

Зөвлөх гарц бүтээгдэхүүн бүрийн эцсийн хувилбарыг монгол, англи хэл дээр бэлтгэж цаасан хэлбэрээр 2 хувийг, цахим файл хэлбэрээр ирүүлнэ. (Англи хэл дээрх гарц бүтээгдэхүүнийг хэлэлцээний үеэр тодорхойлно.) Гарц бүтээгдэхүүний төслийн хувилбарыг цахим файл хэлбэрээр ирүүлнэ. Дараа дараагийн хувилбарт хийгдсэн өөрчлөлтийг тэмдэглэнэ. Гарц бүтээгдэхүүний эцсийн хувилбарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хянан зөвшөөрч, төлбөрийг гүйцэтгэнэ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын гүйцэтгэх үүрэг:

  • Зөвлөхтэй хамтран ажиллах албан тушаалтныг томилох;
  • Төсөлтэй холбоотой шаардлагатай мэдээллээр хангах, үүнд Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээ орно;
  • Төрийн байгууллагуудад үнэлгээ, судалгаа хийх, мэдээ материал авах зэрэг ажлыг гүйцэтгэхэд холбоо тогтоох болон бусад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх;
  • Бусад төрийн байгууллагуудад зөвлөмж, чиглэл өгч дэмжлэг үзүүлэх;
  • Тайлан, материалыг хүлээн авснаас хойш 1 долоо хоногийн дотор хянаж, саналаа хүргүүлэх.