2021 онд: Ухаалаг засаг төслийн хүрээнд Статистикийн салбарт цахим шилжилт хийлээ.

2021 онд: Ухаалаг засаг төслийн хүрээнд Статистикийн салбарт цахим шилжилт хийлээ.  Үр дүнд статистикийн мэдээлэл боловсруулах, түгээх хугацааг 15 хоногоос 7 хоног болж буурчээ.

 

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төсөл дижитал хөгжлийг дэмжин цогц хөрөнгө оруулалтыг хийж байгаа билээ.

 

Статистикийн мэдээлэл боловсруулах системийг бүрэн шинэчилж, нэвтрүүлсэн нь энэ хөрөнгө оруулалтын нэг хэсэг юм.

 

Үндэсний Статистикийн хороо нь өгөгдөл боловсруулах үйл ажиллагааг эрхэлдэг Монгол Улсын хамгийн том байгууллага.

 

Орон даяар нийт 1807 баг, хороо, 330 сум, 40 орчим төрийн байгууллагаас 38 салбарын 400 гаруй мэдээг нэгдсэн санд цуглуулан, өгөгдөл боловсруулах ажлыг жил улирал, сарын давтамжтай хийдэг.

 

Төслийн хүрээнд Үндэсний статистикийн хорооны Статистикийн мэдээлэл боловсруулах системийг GSBPM олон улсын стандартад нийцүүлэн бүрэн шинэчилсэн.

 

Системийн шинэчлэл нь төлөвлөгөө гаргах, статистик тоон мэдээнүүдийг өрх, ААН-ээс цуглуулах, боловсруулах, www.1212.mn порталд нийтлэн түгээх бүх дамжлагыг автоматжуулан, хүний оролцоог багасгаснаараа онцлог болсон.

 

Ухаалаг засаг төслийн хүрээнд 2015-2021 онд Статистикийн мэдээлэл боловсруулах хүчин чадлыг сайжруулах зорилгын хүрээнд цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн.

 

Энэ нь систем хөгжүүлэлт, техник хангамж, аюулгүй байдал, хүний нөөцийн чиглэлээр цогц хөрөнгө оруулалтыг хийсэн, ялангуяа хүний нөөцийг бодлогыг төв, орон нутгийн бүх шатны албан хаагчдыг хамруулж чадсан цахим шилжилтийн түүчээ төсөл болж чадлаа.

 

Энэхүү цогц хөрөнгө оруулалтыг хийснээр дижитал хөгжлийн хөдөлгүүр нээлттэй өгөгдлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ статистикийн мэдээний чанар сайжирч, илүү оновчтой шийдвэр гаргах боломж бүрдсэн юм.

 

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

2021.01.05