Цахим үйлчилгээний үр ашиг юу вэ?
Цахим үйлчилгээний үр ашиг юу вэ?
Иргэдийн үнэт цаг, үргүй зардлыг хэмнэж, хэрэгтэй зүйлдээ, гэр бүлдээ зарцуулах цагийг нэмэгдүүлж, Иргэн Танд тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх билээ.
Мэдээж төрийн үйлчилгээ цахимжих тусам хүнээс хамааралтай үйл ажиллагаа багасгаж хүнд суртал, авилгын түвшин бууна.
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлсэн Ухаалаг засаг төслийн хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулахад цогц хөрөнгө оруулалтыг хийсэн билээ.
ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ПРОГРАМ ХАНГАМЖ, СИСТЕМҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛЭВ.
  • Эд хөрөнгийн эрхийн цахим бүртгэлийн систем, нэгдсэн санг орон даяар нэвтрүүлж, цахим үйлчилгээний суурь санг бэхжүүлэв. Үр дүнд банк, санхүүгийн цахим үйлчилгээний баталгаажуулалтыг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн суурь сангаас хийж байна.
  • Улсын бүртгэлийн хоёр шатлалт 30 багц үйлчилгээг цахимжуулж, e-Mongolia порталд нэгтгэв. Үүнд иргэний бүртгэлийн 15, эд хөрөнгийн бүртгэлийн 9, хуулийн этгээдийн 6 үйлчилгээ багтаж байна.
  • Эмнэлгийн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний, Газар өмчлөлийн харилцааны, Гадаадын иргэний бүртгэлийн, Цэргийн бүртгэлийн зэрэг нийт 7 байгууллагын цахим үйлчилгээг e-Mongolia порталд нэгтгэв.
  • Гадаадын хөрөнгө оруулагчдын нэг цонхны үйлчилгээний цахим системийг нэвтрүүлэв.
  • e-Mongolia порталын мобайл аппликейшны загварчлал, ажлын даалгаврыг боловсруулж, системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэв.
НАЙДВАРТАЙ ДЭД БҮТЦИЙГ БЭХЖҮҮЛЭВ.
  • Төрийн мэдээлэл солилцох ХУР системийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг өргөтгөв. ХУР системд холбогдсон байгууллагын тоо 9 дахин нэмэгдэв.
  • Монгол Улсад анх удаа төрийн мэдээллийн санг халдлага эрсдэлээс хамгаалах, онцгой тохиолдолд нөөц эх үүсвэр ажиллуулах зорилготой үндэсний хэмжээний Нөөц дата төвийг шинээр байгуулж ашиглалтад оруулав.
  • e-Mongolia порталын дэд бүтцийн өргөтгөл хийж, мэдээллийн сангийн дэд бүтцийн төхөөрөмжийг өргөтгөв.
  • Улсын бүртгэлийн болон эд хөрөнгийн эрхийн цахим үйлчилгээ, халамжийн цахим үйлчилгээ, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан цахим үйлчилгээний системийн техник хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дэд бүтцийг бэхжүүлж, цахим үйлчилгээг тасралтгүй хүргэх боломжийг бүрдүүлэв.
  • Төрийн цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагатай аюулгүй байдлын төхөөрөмж, программ хангамжийн лицензийг нийлүүлж, суурилууллаа.
  • Улсын бүртгэлийн ерөнхий газарт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн архив болон цахим сургалтын орчин бүрдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэв.
ЧАДВАРЛАГ ХҮНИЙ НӨӨЦ
  • Цахим үйлчилгээг тасралтгүй хүргэх дижитал ур чадвартай албан хаагчид, олон улсын сертификаттай инженерүүдийг бэлтгэв.
  •  Эстонийн ХRoad мэдээлэл солилцооны платформын сайн туршлагыг судалсан албан хаагчид Монгол Улсад ХУР системийг нэвтрүүлэх санаачлагыг гарган, амжилттай хэрэгжүүлэв.
Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж
2022.03.09