Цахим засаглал олон улсын академийн экспертүүдтэй хамтран ажиллана

Ухаалаг засаг төслийн хүрээнд Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын урилгаар Бүгд Найрамдах Эстони Улсад төвтэй Цахим засаглал олон улсын академийн баг төлөөлөгчид 2017 оны 3 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллалаа.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго Цахим засаглал академийн төлөөлөгчдийг хүлээн авч, Эстони улсын цахим засгийг амжилттай нэвтрүүлсэн ололт амжилт, туршлагаасаа харамгүй хуваалцаж байгаад талархал илэрхийлж, санал солилцлоо.

 

Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Цахим засаглал академийн гүйцэтгэх захирал Арво Отт нар хамтран ажиллах харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурсан юм.

 

ЗГХЭГ, ХХМТГ, Цахим засаглал академи хамтран “Цахим засаглал-Олон улсын туршлага” сургалт, семинарыг Гадаад харилцааны яамны Зөвшилцөх танхимд 2017 оны 3 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд сургалт семинарт тус академийн экспертүүд үнэ төлбөргүй багшилж, туршлагаа хуваалцав.

Монгол Улсын төрийн байгууллагын бодлого төлөвлөлт, мэдээллийн технологийн нэгжийн дарга, мэргэжилтнүүд нийт 125 албан хаагч уг сургалт семинарт хамрагдаж, Эстони болон олон улсын цахим засгийг амжилттай нэвтрүүлж, хөгжүүлж, үр шимийг нь хүртэж байгаа үнэ цэнэтэй туршлагаас хуваалцаж, санал солилцсон.

Сургалт, семинарт амжилттай оролцсон төрийн албан хаагчдад ХХМТГ-ын дарга болон Цахим засаглал академийн гүйцэтгэх захиралын гарын үсэг бүхий сертификатыг олгосон юм.

 

 

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж
2017.03.31