ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БҮХ НИЙТИЙН ҮҮРЭГТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОДЛОГО, СТРАТЕГИЙГ ҮНЭЛЖ, САЙЖРУУЛНА
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хүрээнд харилцаа холбооны бүх нийтийн үүрэгт үйлчилгээний өнөөгийн байдалд үнэлгээ хийх, бодлогын баримт бичгийг шинэчлэн сайжруулах ажлыг эхлүүллээ.
Энэхүү дэд төслийн захиалагчаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, гүйцэтгэгчээр энэ чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлагатай Канад улсын “Интелекон” зөвлөх компани ажиллаж байна.
Төслийн оролцогч талуудын “Гэрээний эхлэлийн уулзалт” өнөөдөр болж, төслийн шаардлага, зорилго, ажлын төлөвлөгөө, хамтын ажиллагааны талаар нэгдсэн ойлголтод хүрлээ.
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсын харилцаа холбооны дэд бүтэц илүү өргөжин тэлж, алслагдсан орон нутгийн иргэд харилцаа холбооны үйлчилгээг хангалттай түвшинд авч байна.
Ирэх он гэхэд зорилтот бүлэгт харилцаа холбооны үйлчилгээг бүрэн хүргэж дуусгана гэж үзэж байна.
Үүрэн холбооны операторууд, ХХМТГ болон бусад төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд БНҮҮС-ийн зорилго, үйл ажиллагаа, бодлогын баримт бичгийг шинэчлэх цаг болсныг сүүлийн жилүүдэд мэдэгдэж байсан билээ.
Энэ асуудлыг шийдвэрлэх ажлыг ХХМТГ-ын захиалгаар Ухаалаг засаг төслийн хүрээнд ийнхүү эхлүүлснийг дуулгахад таатай байна.
Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж
2021.03.31