“УХААЛАГ ЗАСАГ-2” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 9-Р САРЫН 23-27-НЫ ХООРОНД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Дэлхийн банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам дээр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Дэлхийн банкны албаны хүмүүс 2024 оны 9-р сарын 23–27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж, төслийн үр шим хүртэгч талуудтай уулзалт хийж, төслийн хүрээнд хийгдэж байгаа дэд төсөл, арга хэмжээний явцыг эрчимжүүлэх,  цаашдын төлөвлөгөөний алхмуудын талаар хэлэлцлээ.

Албан томилолтын үеэр Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан захирал, хатагтай Мара К.Уорвик, Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Таехюн Ли, Цахим хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн, Төслийн багийн удирдагч Сиоу Чев Куек тэргүүтэй, Цахим хөгжлийн ахлах мэргэжилтэн, Төслийн багийн дэд удирдагч Женнифер Гуй, Цахим хөгжлийн ахлах зөвлөх Себастьян Фүү болон бусад төлөөлөгчдийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн удирдах хорооны дарга П.Алтан-Од; Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төслийн захирал Б.Бат-Өлзий нар  хүлээн авч уулзсан ба уулзалтын үеэр Дэлхийн банк саяхан үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилж, цахим хөгжлийг шинэ тэргүүлэх чиглэлээ болгосон ба зөвхөн хөрөнгө оруулалтыг дэмжих бус дэлхийн шилдэг туршлагуудыг нутагшуулах тал дээр Монгол Улсыг олон улстай хамтран ажиллахад нь шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлнэ хэмээн хатагтай Мара К.Уорвик дурдсан ба Цахим засаглалын хөгжлийн индексээр 2024 онд Монгол Улс 28 байраар урагшилж дэлхийн 193 орноос 46-д жагссан бөгөөд  Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг Кибер аюулгүй байдлын индексээр 17 байр урагшилсан амжилттай байна. “Ухаалаг засаг-2” төсөл Монгол Улсын цахим эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн итгэж байна” хэмээн Ц.Баатархүү сайд онцлов.

Дэлхийн банкны айлчлалын баг төслийн үр шим хүртэгч талуудаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо; Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү; Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга; Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн газрын дарга С.Чинбат, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар болон бусад газрын дарга нартай уулзсан юм.