“УХААЛАГ ЗАСАГ” ТӨСӨЛ ICT EXPO 2019 ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төсөл Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 27-ноос 29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан мэдээлэл харилцаа, холбооны салбарын ICT EXPO 2019 үзэсгэлэнд оролцов.

 

Үзэсгэлэнгийн үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, гүйцэтгэгч  компанийн төлөөлөл 900 гаруй иргэн, бизнес эрхлэгч, судлаачидтай биеэр уулзаж төслийн бүтээгдэхүүн, үр дүн, төслийн хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа гэрээ, төлөвлөж байгаа ажлууд, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, журмын талаар танилцуулж, сонирхсон асуултад хариултад хариулж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 

 

Төслийн 2020 оны төлөвлөгөөнд тусгасан Улсын бүртгэлийн 30, халамжийн 9 үйлчилгээ иргэд цахим хэлбэрээр гэрээсээ авах боломжтой болгох, Төрийн үйлчилгээний нэгдсэн MGov.mn порталыг олон улсын сайн туршлагын түвшинд хүргэн сайжруулах, порталын мобайл апликэйшныг ашиглалтад оруулах ажлын талаарх мэдээллийг иргэд талархан хүлээн авч, амжилт хүсч байлаа.

 

Ухаалаг засаг төслийн санхүүжилтээр Эд хөрөнгийн эрхийн цахим бүртгэлийн системийг орон даяар нэврүүлсний үр  дүнд burgel.mn сайтаас эд хөрөнгийн лавлагаагаа авах боломжтой болсон бөгөөд тус сайтыг ашиглах, танилт нэвтрэлтийн ДАН системд нэг удаагийн кодоор хэрхэн нэвтрэх зааварчилгааг иргэдэд өглөө. ДАН системд  нэвтрэхэд тулгарч байгаа асуудлуудыг иргэдээс хүлээн авч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төвд мэдээлж, холбогдох зөвлөмжийг иргэдэд өгсөн юм.

 

Мэдээллийн технологийн салбарын бизнес эрхлэгчдэд төслийн хүрээнд зарлагдах тендерүүд, Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Инновацийг дэмжих хөтөлбөрийн мэдээллийг программ хөгжүүлэгч компанийн төлөөлөл илүү их сонирхон лавлаж байсан юм. Дашрамд мэдээлэхэд Инновацийг дэмжих хөтөлбөрөөр нээлттэй өгөгдлийн түүхий эдийг ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах гарааны бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж, санхүүжилт олгох юм. Хөтөлбөрийг тун удахгүй эхлүүлнэ.

 

Нээлттэй өгөгдлийн талаарх ойлголт, нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээний тайлан, нээлттэй өгөгдлийг хөгжүүлэхийн ач холбогдолын талаар тайлбар мэдээлэл өгч ажиллалаа. Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээний тойм графикийг ашиглан иргэдэд тайлбарлаж, тайланг бүрэн эхээр уншихыг санал болгов.

 

Төрийн энтерпрайз архитектур, өгөгдөл солилцох нэгдсэн тогтолцоо, Үндэсний дата төвийн нөөц төв, Хур системийн тоног төхөөрөмжийн өргөтгөл, Статистик мэдээлэл боловсруулах системийн шинэчлэл, Иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн мэдээлэлд бизнес-аналитикийн шинжилгээ хийх платформын талаар дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд хүргэж ажиллалаа.

 

Ухаалаг засаг төсөл нь иргэдэд төрийн үйлчилгээг илүү ил тод, хүртээмжтэй, хариуцлагатай хүргэхэд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан, мэдээлэл,  харилцаа холбоо, технологийн салбарт “ЦОГЦ” хөрөнгө оруулалтыг хийж байгаа төсөл юм. “Цогц” хөрөнгө оруулалтын хүрээнд технологийн дэвшлийг нэвтрүүлж, найдвартай дэд бүтцийг бий болгож, чадварлаг хүний нөөцийг бэлтгэж байна.

 

Төслийн хүрээнд хэрэгжиж байгаа болон хэрэгжиж дууссан гэрээ, гэрээний үнийн дүн, гүйцэтгэгч, хугацааны талаарх мэдээллийг www.smart.gov.mn/sgp_contracts -ээс авна уу.

 

 

УХААЛАГ ЗАСАГ ТӨСЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ 2019.09.30