МОНГОЛ УЛСЫН НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛ

Олон Улсын Нээлттэй засгийн түншлэлд дэмжлэг үзүүлэх дэд хорооны мэргэжилтнүүд- Иргэний нийгмийн асуудал хариуцсан захирал Паул Массен, Ази Номхон далайн бүс нутгийг хариуцсан зохицуулагч Шреяа Басу нар энэ сарын 19-23-нд Монгол Улсад ажиллалаа.

 

Төлөөлөгчид Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны Үндэсний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн хуралд ажиглагчаар оролцож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар болон Сангийн яам, Хууль зүйн дотоод хэргийн яам, бусад төрийн байгууллагын удирдлагууд, Ухаалаг засаг төслийн зохицуулагч Ч.Нургул нартай уулзаж, санал солилцов.

 

 

 

Ухаалаг засаг төслийн хүрээнд Иргэдийн оролцоог дэмжих, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд бодитой хүргэх зорилгоор Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвд техникийн туслалцаа үзүүлж, иргэдийн санал хүсэлтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх системийг нэвтрүүлнэ.  Нээлттэй засгийн түншлэлийн сайн туршлага “Нээлттэй өгөгдөл”-ийг Монгол Улсад хөгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

 

 

 

Монгол Улс Нээлттэй засгийн түншлэл Олон Улсын байгууллагад 2013 онд элссэн бөгөөд 2014-2016 он, 2016-2018 онуудад Нээлттэй засгийн зорилтуудыг биелүүлэх Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөнд тодорхой амлалтуудыг авч, хэрэгжүүлж иржээ. Монгол Улс 2014-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтээр “ОД” үнэлгээ авч байсан юм.

 

Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгэм хамтран 3 дахь буюу 2018-2020 оны Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

2018.03.23