“Төрийн дижитал шилжилт” сэдэвт хэлэлцүүлэг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Төрийн ордонд боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган “Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөл” -ийг байгуулсан бөгөөд тус зөвлөл ийнхүү өргөтгөсөн хурал хийж, Төрийн дижитал шилжилт хэлэлцүүлгийг өрнүүлэв.
Хэлэлцүүлэгт төр, банк, санхүү, үүрэн холбооны оператор компанийн төлөөлөл оролцон мэдээллийн технологийн тусламжтайгаар улсаа хөгжлийн шинэ шатанд гаргах, үүний тулд төрийн бодлого, стратеги ямар байх болон оновчтой шийдлийн талаар ярилцлаа. Мөн суурь мэдээллийн систем, цахим албан хэрэг хөтлөлт, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ажил, цахим шилжилт хийснээр иргэд, аж ахуйн нэгжид ямар ашигтай талаар хэлэлцэв.
Хэлэлцүүлгийг Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нээж үг хэлэв.
Тэрээр “Монгол Улсын Засгийн газар мэдээллийн технологийн тусламжтай хэрэгжүүлэх шинэчлэл, хөгжлийн шинэ шатанд гарах, хүрэх арга замаа “Дижитал шилжилт” гэж товчоор нэрлэсэн. “Дижитал шилжилт” стратегийг Засгийн газар өөрөөсөө, төрийн байгууллагуудаас эхэлж, ирэх жилээс төсөл хэрэгжүүлнэ. Үр дүнд нь иргэд төрийн үйлчилгээний ихэнхийг цахимаар авдаг болж, энэ хэрээр авлига, хээл хахууль, хүнд суртал арилна. Төр иргэддээ ил тод, шударга, шуурхай үйлчилж, тэдний төлөө гүйх ёстой” гэлээ.
Өнгөрсөн он жилүүдэд Засгийн газраас цахим шилжилт хийх бэлтгэлээ хангаж, суурийг нь бүрдүүлсэн ч иргэд, олон нийтийн хүсэн хүлээж байгаа үр дүнд хүрээгүй байна. Иргэд төрийн үйлчилгээ авахын тулд тухайн байгууллагад заавал очдог, энэ хэрээр цаг хугацаа зарцуулж, үйлчилгээнд нь бухимдан, сэтгэл дундуур байх хандлага багагүй бий.
Мэдээллийн технологийг төрийн үйлчилгээндээ нэвтрүүлж амжилт олсон орнуудыг Гүрж, Эстони, БНСУ, Сингапур тэргүүлдэг байна. Дээрх улс иргэн төвтэй төрийн цахим үйлчилгээ бий болгосноор авлига, хээл хахуулийг эрс бууруулж, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа дээшлүүлжээ.
Манай улсын цахим хөгжлийн индекс дэлхийн дунджаас дээш гарч чадахгүй, зарим жил буурах хандлагатай учир Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган “Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөл” байгуулж, даргаар нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг томилсон юм. Энэ зөвлөл төрийн үйлчилгээг иргэн төвтэй, нэг цэгээс авах боломжийг бүрдүүлэх, цахим шилжилттэй холбоотой зорилтыг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, мэдээллийн технологийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр ажиллаж байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 2018.03.13