СТАТИСТИКИЙН САЛБАРЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ХОСОЛМОЛ ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

“Ухаалаг засаг” төслийн хүрээнд Үндэсний стастикийн хороо, Германы Статистикийн байгууллагын хооронд байгуулсан чадавхийг бэхжүүлэх хосолмол түншлэлийн гэрээг дүгнэх, үр дүнг хэлэлцэх уулзалт, семинар өнөөдөр Улаанбаатар хотод боллоо.

 

Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Монгол Улсын Үндэсний стастикийн хороо, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Статистикийн байгууллагын (Destatis) хооронд байгуулсан чадавхийг бэхжүүлэх хосолмол түншлэлийн гэрээг дүгнэх, үр дүнг хэлэлцэх уулзалт, семинар өнөөдөр Улаанбаатар хотод боллоо. “Богино хугацаанд үндэсний статистикийн мэдээг үйлдвэрлэгч, нийлүүлэгч, хэрэглэгч, бодлого гаргагчдын чадварлаг багийг үр дүнтэй бэлтгэж, зорилтоо бүрэн биелүүлж чадлаа” гэж семинар оролцогчид онцолж байлаа.

 

Нэг жилийн хугацаанд хэрэгжсэн дээрх гэрээний хүрээнд төрийн албан хаагчид өндөр хөгжилтэй европын 6 орны статистикийн тэргүүн туршлагатай газар дээр нь танилцаж, судалж, олон улсын 10 эксперт Улаанбаатар хотноо айлчилж, Үндэсний статистикийн хороо, бусад холбогдох төрийн байгууллагын албаны хүмүүстэй уулзаж, зөвлөлдөн, үнэлгээ дүгнэлт өгч, зөвлөмж гарган ажилласан байна.

Чадавхийг бэхжүүлэх энэхүү зорилтот арга хэмжээнд Үндэсний статистикийн хороо төдийгүй статистикийн мэдээг нийлүүлдэг, хэрэглэдэг, бодлого гаргадаг УИХ-ын Тамгын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Татварын ерөнхий газар, Үндэсний дата төв зэрэг бусад байгууллагын төлөөлөгчдийг оролцуулсан нь төслийн өгөөжийг илүү нэмэгдүүлжээ.

Статистикийн нээлттэй өгөгдөл, мэдээлэл солилцоо, мета дата, бизнес регистр, чанарын удирдлага, бизнес процессын загварчлал, мэдээлэл боловсруулах систем, шинжлэх ухаан, соёлын салбарын статистик зэрэг чиглэлээр туршлага судалж ирсэн албан хаагчдын төлөөлөл Германы статистикийн байгууллагын мэргэжлийн ёс зүйг судалсан, Монгол Улсын 300 гаруй байгууллагад инновацийн судалгаа хийж, дүгнэлтээ гаргасан, чанарын удирдлагын нэр томьёоны тайлбарыг монгол, англи хэл дээр эмхэтгэсэн, Үндэсний статистикийн үйл ажиллагааны ерөнхий загварыг үе шаттайгаар нэвтрүүлэх төлөвлөгөөг гарын авлагын хамт боловсруулсан зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм байна.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяагийн манлайлал, түүний багийн хүчин чармайлтын үрээр энэхүү чадавхийг бэхжүүлэх хосолмол түншлэлийг гэрээг амжилттай хэрэгжүүлж, цаашид үг өгөөжийг нь тогтвортой хүртэх төлөвлөгөө гарган ажиллаж байгааг семинарт оролцсон зөвлөх, албаны хүмүүс онцолж байв.

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж, 2017.09.05