Нээлттэй өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэв
Нээлттэй өгөгдлийн хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд түлхэц өгсөн долоо хоног боллоо. Нээлттэй өгөгдлийн тухай хуулийг төслийг анхны удаа төр, хувийн хэвшлийн төлөөлөлд танилцуулж, 2020 оны 7 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо хэлэлцүүлэв.
“Төр, хувийн хэвшлийн харилцааг шинэ түвшинд гаргах, нээлттэй өгөгдөлд хөрөнгө оруулалт хийх бодлогын орчныг бүрдүүлэх эхний алхамыг хийж байна” гэж хувийн хэвшлийн нэгэн төлөөлөл онцоллоо.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хүрээнд зөвлөхийн баг уг хуулийн төслийг боловсруулаад байна.
Хэлэлцүүлэгт нээлттэй өгөгдлийг нийлүүлэгч, ашиглагч, сонирхогч төр, хувийн хэвшлийн байгууллага болон нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг хийсэн зөвлөхүүд оролцсон юм. Оролцогчид хуулийн төслийг сайжруулах үнэ цэнэтэй саналаа ээлж дараалан өгөв.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ хэлэлцүүлэг анхных нь бөгөөд цаашид олон талуудаас санал авч, дахин хэлэлцүүлж хуулийн төслийг сайжруулахаа илэрхийлсэн юм.
Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж 2020.07.31