The aim is to improve the efficiency of government e-services provided to citizens and businesses, increase citizens' digital skills, and increase jobs with digital technology.

News Featured news
АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЦАХИМ ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭВ
2026/08/07
56 view

Дэлхийн банкны санхүүжилтээр ЦХИХХЯ-ны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн хүрээнд Авлигатай тэмцэх газарт “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн системийг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, суурилуулах” дэд төслийг 2025-2026 онуудад  амжилттай хэрэгжүүллээ. 

Авлигатай тэмцэх газар (АТГ) нь Монгол Улсад авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага юм. Тус байгууллага нь жил бүр ойролцоогоор 50 мянган нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулж, дүн шинжилгээ хийдэг. Үүний зэрэгцээ 20 мянга орчим нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж хариу хүргүүлдэг. Гэвч эдгээр үйл ажиллагааны ихэнх нь цаасан баримтаар явагддаг, ашиг сонирхлын мэдэгдэл, тайлбар, урьдчилсан мэдүүлгийг цахимаар хүлээн авдаг ч албан бичгээр дахин баталгаажуулах шаардлагатай байсан нь хяналт шалгалтын хугацааг уртасгаж, хүн хүч, зардлыг нэмэгдүүлдэг байв. Мөн сервер, тоног төхөөрөмжийн хүчин чадал, мэдээллийн аюулгүй байдал, өгөгдлийн хадгалалт, системийн найдвартай байдлыг хангах шинэчлэл хийх хэрэгцээ, шаардлага тулгарч байлаа.

АТГ-ын ХШДШХ-ийн албаны дарга Б.Баярсайхан "Хууль тогтоомжид зааснаар 3 төрлийн мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг албан тушаалтан гаргаж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилладаг. Өөрөөр хэлбэл, өмнө нь албан тушаалтнууд ашиг сонирхлын мэдэгдэл, тайлбараа цаасан хэлбэрээр гаргаж бүртгүүлдэг байсан бол бүрэн цахим болсон, мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бүртгэх үе шат цахимаар явагдаж байсан бол уг мэдүүлгийг хүлээн авах, цохолт хийх, хянах, хариу хүргүүлэх бүхий л үе шат цахим системээр хийгддэг болоод байна. Мөн Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргахад цахим систем ойлгомжгүй, мэдүүлэг гаргахад хүндрэлтэй, алдаатай мэдүүлэг гаргах боломжтой байсан бол төсөл хэрэгжүүлснээр энэ боломжуудыг бүрэн хязгаарлаж, цахимжуулаад байна. Албан тушаалтны мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг зөвхөн АТГ хянах бус, олон нийтийн хяналтад оруулж, ил тод болгох хуультай. Энэ боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Мэдүүлгийн ил тод байдлын цахим системд мэдээллийг харьцуулах, машин унших боломжтой байдлаар хөрвүүлж авах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлж өгсөн нь давуу талтай байна."

“Ухаалаг засаг II төсөл”-ийн хүрээнд 2025 - 2026 онд мэдүүлэг гаргагч, нийтийн албан тушаалтан, эрх бүхий албан тушаалтан, иргэд болон Авлигатай тэмцэх газрын ажилтнуудын ашигладаг дараах системүүдийг шинэчлэн хөгжүүлэв.

www.meduuleg.iaac.mn

Нийтийн албан тушаалтнууд мэдүүлэг, мэдэгдэл, тайлбараа гаргах, мөн эрх бүхий албан тушаалтан нь мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг бүртгэх, хянах, хадгалах, тоон мэдээлэл гаргах систем;

www.iad.iaac.mn

Байгууллагын дотоод үйл ажиллагаанд ХАСУМ, ХАСХОМ-ийн мэдээлэл, мэдэгдэл, тайлбарыг хянах, хяналт шалгалт явуулах, эрсдэл автоматаар тооцох, тайлан мэдээ гаргах зэрэгт  ашигладаг цахим хуудасны хөгжүүлэлт;

www.smart.iaac.mn

АТГ-т ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдол болон мөн тус газраас явуулсан албан бичгийн шийдвэрлэлтийг хөтлөх систем бөгөөд дээрх хоёр системтэй интеграци хийж ажилладаг;

www.xacxom.iaac.mn

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуй хэлбэрийг сүүлийн 5 жилийн байдлаар олон нийтэд нээлттэй танилцуулах, харьцуулах, мэдээллийг татаж авах боломжтой цахим систем. Түүнчлэн,  хяналт шалгалтын дотоод системүүдийг шинэчлэн хөгжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж, сервер, хадгалалтын төхөөрөмж, лицензийг бүрэн нийлүүлж суурилуулав.

ДЭД ТӨСЛИЙН ҮР ДҮНД:

Нийтийн албан тушаалтан ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбарыг цаасаар гаргаж бүртгэдэг байсныг бүрэн цахимд шилжүүллээ.

Мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарын маягтын талбаруудыг нөхөхөд тавигдах стандарт шаардлагыг нэмэгдүүлж үнийн дүнгийн орон алдаж мэдүүлэх эрсдэлийг бууруулав.

Хяналт шалгалтын үйл ажиллагаанд хүний оролцоог бууруулж автоматаар эрсдэл тооцдог болсноор авлига ашиг сонирхлын зөрчлийг тогтмол хянах, түүнээс урьдчилан сэргийлэх, цаг хугацаа хэмнэх нөхцөл бүрдсэн.

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг цахимаар хүлээн авч хариу хүргүүлдэг болсноор жил бүр 100 гаруй сая төгрөгийн бичиг хэрэг, шуудангийн зардлыг хэмнэхийн сацуу үйл ажиллагааг бүрэн цахимжуулснаар 14-21 хоногийн ажлыг 1-2 өдөр болгон буурууллаа.

Олон нийтийн хяналтын боломжийг бүрдүүлж нийтийн  тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдээлэлтэй илүү хялбар танилцах боломжтой боллоо.

“Ухаалаг засаг II төсөл”-ийг иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн дижитал үйлчилгээний хэрэглээ, үр ашгийг сайжруулах, дижитал ур чадвар болон дижитал технологи суурьтай ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр ЦХИХХЯ нь 2023 - 2027 онд хэрэгжүүлж байна.